Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛЫН НӨЛӨӨЛӨЛД СУУРИЛСАН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ-УРЬДЧИЛСАН МЭДЭЭНД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТИЙН ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛЛАА

2024-02-27

      Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээнд шилжсэнээр зөвхөн цаг агаарын үзэгдлийн сэрэмжлүүлэг өгдөг уламжлалт мэдээнээс нийгэмд ямар хохирол учрах гэж байгааг орон зай, төвлөрлийн хувьд гаргаж сэрэмжлүүлдгээрээ онцгой чухал юм.

        Дэлхийн Цаг Уурын Байгууллага ойрын 5 жилийн дотор нийт хүн амыг эртнээс сэрэмжлүүлэх системээр “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” шинэ санаачилга гарган хэрэгжүүлж байна. “Цаг агаар, уур амьсгалын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ - урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн гарын авлага” гарын авлага, аргачлалыг хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд зэрэг цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлийн урьдчилсан мэдээ, төлөв байдлыг нийгэм эдийн засгийн суурь мэдээтэй холбож, нөлөөллийн урьдчилсан мэдээ гаргах, түүнийг ашиглан эртнээс арга хэмжээ авах, санхүүжүүлэхэд ашиглах зорилгоор боловсруулав. 

Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг боловсруулах аргазүй, аргачлалыг 

1) Хүчтэй салхи, цасан болон шороон шуурга

2) Зуд 

3) Ган гэсэн үндсэн цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдлээр авч үзэв. Магадлал болон нөлөөллийн мэдээллийн аль алиных нь ач холбогдлыг “Нөлөөллийн эрсдэлийн матриц”-ыг [World Meteorological Organization] авч үзэх замаар дүрсэлж болно. Нөлөөллийн эрсдэлийн матрицыг нөлөөлөлд суурилсан сэрэмжлүүлэгт ихэвчлэн ашигладаг бөгөөд гэрлэн дохионы схемээр зохицуулагддаг. Эрсдэлийн хэмжээг ногоон-бага, шар-дунд, улбар шар-их, улаан–маш их эрсдэлтэй буюу арга хэмжээ авах хүртэлх анхааруулгыг нөлөөллийн өртөх хувь болон аюулын зэргээс хамааруулан өгдөг (Зураг 1).

  

Зураг 1. Нөлөөллийн эрсдэлийн матриц

   Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг боловсруулахын тулд бусад байгууллага холбогдож мэдээлэл солилцох боломж бүхий нэгдсэн IBF платформыг хөгжүүлэх ёстой. Платформ нь тухайн салбарын онцлог шинж чанартай уялдуулан суурь эрсдэл, эмзэг байдлыг газарзүйн мэдээллийн санд нээлттэй платформд үүсгэх, байнгын нөлөөлөлд өртөмхий байдлын шинэчлэлтийг байршуулах, хэрэглэгчийн интерфейстэй холбох зэрэг хэд хэдэн чухал бүрдэл хэсэгтэй байна. Нөлөөлөлд суурилсан урьдчилcан мэдээнд оролцогч талуудын хамтын ажиллагааны механизм нь чухал юм. 

Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ

      Динамик болон статистик загвараар тооцоолсон хүчтэй салхи, цасан шуурга болон шороон шуурганы урьдчилсан мэдээ, тухайн объектын газарзүйн болон нягтшилын суурь мэдээ, мөн харгалзах цаг агаарын үзэгдлийн хохирлын давтагдал, өртөх байдалд үндэслэсэн тогтоосон босго утга зэргээс тухайн объектын өртөх хувь болон өртөх байдлын босго утга тооцоологдоно. Эндээс эрсдэлийн үнэлгээний хүснэгтийн дагуу салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ тооцоологдоно. 

Хайрцаг 1. Бүтээгдэхүүн 1

Хүчтэй салхины урьдчилсан мэдээ

Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ - Өвөлжөө

Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ - Мал

Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ – Авто зам 

                           Салхины хурдны урьдчилсан мэдээ /Жишээ/

    Завхан аймгийн нутгаар салхины хурд 24-28 м/с хүрч шууран, нийт нутаг дэвсгэрийн 91%-д цасан болон шороон шуурганы гамшигт үзэгдэл ажиглагдана (сумдын нэрийг дурдаж болно).

                                     Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ /Жишээ/

        Хүчтэй салхины нөлөөлөлд аймгийн хэмжээнд нийт өвөлжөөний 19.6%-“маш их”, 33.1%-“их”, 30.4%-“дунд”, 16.2%-“бага” ангилалд өртөх урьдчилсан мэдээ гарч байна. Харин малын өртөх хувийг авч үзэхэд “дунд” ангилалд аймгийн хэмжээнд нийт бог, бод мал тус бүрийн 30-аас дээш хувь өртөх урьдчилсан мэдээ гарсан бол автозамын хувьд “их” ангилалд 39.5% нь буюу 3427 км зам өртөх урьдчилсан мэдээтэй байна. Тиймээс хүчтэй салхины өртөх байдлын зургаас өртөнгийн зэргээ харгалзах сум, багуудаар ялган харж, малаа бэлчээрлэх газраа сонгон, зам даваа боогдох газруудаар явахгүй байхыг анхааруулж, бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. 

 

Зудын нөлөөллийн урьдчилсан төлөв

        Зудын эрсдэлийн зурган бүтээгдэхүүн нь 8 төрлийн мэдээллийг агуулсан байдаг бөгөөд түүнд тухайн объектын газарзүй, нягтшилын суурь мэдээний өртөх хувийг тооцон оруулж, эрсдэлийн үнэлгээний хүснэгтийн дагуу нөлөөллийг тооцож, зудын нөлөөллийн урьдчилсан төлөв гарна. 

Хайрцаг 2. Бүтээгдэхүүн  2

Зудын эрсдэлийн зураг

Зудын нөлөөллийн урьдчилсан төлөв - Мал

Зудын нөлөөллийн урьдчилсан төлөв - Өвөлжөө

Зудын эрсдэлийн зураг 

        2023 оны 12 сарын 20-ны байдлаар гаргасан “Зудын эрсдэлийн” үнэлгээгээр Завхан аймгийн Тэлмэн, Сантмаргац сумдын 1-р баг, Завханмандал, Идэр, Баянтэс сумдын 3-р баг, Нөмрөг, Тосонцэнгэл, Яруу сумдын 4-р баг, Баянхайрхан, Цагаанхайрхан сумдын 1,2,4-р багууд, Алдархаан сумын 4,5,7-р багууд, Их-Уул сумын 1,5-р багууд, Сонгино сумын 3,4-р багууд, Түдэвтэй сумын 3,4,5-р багууд, Цэцэн-Уул сумын 1-4-р багууд, Эрдэнэхайрхан сумын 1-5-р багууд “их  эрсдэлтэй” ангилалд, бусад хэсгээр “нэн их эрсдэлтэй” байх төлөвтэй байна.

Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан төлөв 

      Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан төлөвийг өвөлжөө болон малын өртөх байдлаар харахад Завхан аймгийн Баянтэс, Идэр, Тэс сумдын 1-р баг, Асгат, Завханмандал 2-р баг, Сантмаргац, Шилүүстэй сумдын 3-р баг, Улиастай сумын 6-р багууд “маш их” ангилалд, Их-Уул, Тэлмэн сумдын 1-р баг, Сонгино, Цэцэн-Уул сумдын 4-р баг, Баянтэс сумын 3-р баг, Цагаанхайрхан сумын 2-р баг, Алдархаан сумын 4,5-р багууд, Эрдэнэхайрхан сумын 1,2,5-р багууд “дунд” ангилалд багтаж, бусад хэсгүүд “их” ангилалд багтах урьдчилсан төлөвтэй гарсан тул нийт сумдын малчид, ард иргэд онцгойлон анхаарна уу. Ялангуяа маш их болон их ангилалд багтсан сумдын малын тоо, өвөлжөө ихтэй газруудад бэлтгэл ажлаа сайн хийнэ үү. 

 

Гангийн нөлөөллийн урьдчилсан төлөв

     Гангийн эрсдэлийн зурган бүтээгдэхүүн нь 7 төрлийн мэдээллийг агуулдаг бөгөөд дээр нь тухайн объектын газарзүй, нягтшилын суурь мэдээний өртөх хувийг тооцон оруулж, эрсдэлийн үнэлгээний хүснэгтийн дагуу нөлөөллийг тооцсоноор, гангийн нөлөөллийн урьдчилсан төлөв боловсруулагдана.

Хайрцаг 3. Бүтээгдэхүүн 3

Гангийн эрсдэлийн зураг

Гангийн нөлөөллийн урьдчилсан төлөв - Газар тариалан

Гангийн нөлөөллийн урьдчилсан төлөв - Мал

Гангийн эрсдэлийн зураг /Жишээ/

    Гангийн эрсдэлийн үнэлгээгээр Завхан аймгийн нутаг дэвсгэрийн 5% нь гангийн “их эрсдэлтэй”, 20% нь “дунд эрсдэлтэй” зэрэглэлд хамарч байна (сумдын нэрийг дурдаж болно).

Гангийн нөлөөлөлд суурилсан урьдчилсан төлөв /Жишээ/

      Гангийн “маш их эрсдэлтэй” ангилалд Тэс сум, харин “их эрсдэлтэй” зэрэглэлд  Баянтэс, Алдархаан, Идэр, Сонгино, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут зэрэг сумдууд багтаж байна. Өртөх байдлын зэрэглэлээр аймгийн хэмжээнд газар тариалангийн талбайн 43% нь ойролцоогоор дунд ба түүнээс дээш ангилалд багтсан урьдчилсан төлөвтэй тул газар тариаланчид усалгаа болон бусад тариалалтын төлөвлөгөөгөө оновчтой зохион байгуулах хэрэгтэй. 

   Аймгийн хэмжээнд нийт газар тариалангийн хувьд өртөх байдлын хувиар авч үзэхэд газар тариалангийн 13.4%-“маш их”, 29.2%-“их”, 36.5%-“дунд” гэсэн ангилалд багтаж байна. Малын хувьд их эрсдэлтэй ангилалд бага хувийг эзэлж байгаа хэдий ч “дунд” зэрэг ангилалд бог, бод малын 45.5-53.7% нь багтаж ганд өртөх урьдчилсан төлөвтэй байна.