ENMNContact
  • 976-11-326614

      Цаг үеийн мэдээ

      1. Эхлэл
      2. Цаг үеийн мэдээ

      Монгол орны цөлжилт, газрын доройтлын зураг-2026 он

      • 2026-08-14

      Монгол орны жилийн агаарын дундаж температур 1941–2025 оны хооронд шугаман трендийн ерөнхий хандлагаар 2.5°C-аар нэмэгдсэн. 1.2-1.6°C дулаарсан газар нийт нутаг дэвсгэрийн 72.6% байна. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийн 49.7%-д хур тунадасны хэмжээ буурах (баруун хэсэг), 50.3%-д өсөх (зүүн хэсэг) хандлага ажиглагдаж байна.

      Нийт нутаг дэвсгэрийн 51.1% нь хуурай болон хуурайшилт давамгайлсан, 48.9% нь чийглэг, хангалттай чийглэг нөхцөлтэй байна. Хуурай нөхцөлийн 25.3% нь нэн хуурай ангилалд хамрагдаж байна. Гангийн индексээр манай орны нийт нутаг дэвсгэрийн 92.8 хувьд эрчимжих хандлагатай байна. Түүний 38.4 хувь нь харьцангуй их эрчимтэй байна (баруун хэсэг).

      Монгол Алтайн нурууны эгц налуу хэсэг, өндөр уулархаг бүсэд хур тунадасны усны нөлөөгөөр үүсэх хөрсний элэгдэл харьцангуй эрчимтэй байна. Тухайлбал, 3.3 т/га-аас их хөрсний алдагдалтай талбай нийт нутаг дэвсгэрийн 9.8 хувийг, харин үүнээс бага хэмжээний хөрсний элэгдэлтэй талбай 48.3 хувийг тус тус эзэлж байна.

      Монгол орны хүчтэй салхи ажиглагддаг Их нууруудын хотгорын салхины шигүүслийн бүс, говь цөлийн бүсэд салхиар элэгдэх хэмжээ харьцангуй их буюу жилд 1.26 тн/га-аас их, газар нутгийн хэмжээ 54.6 хувь байна.

      Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 93.3%-д хөрсний чийг буурах чиг хандлага илэрснээс 44.0%-д маш их буурах хандлага илэрсэн.

      Нийт гол мөрний 60% орчимд голын урсац буурч байна. Чанарын хувьд нийт гол мөрний 67.5% нь өөрчлөлт бага, 28.6% нь усны чанар буурсан, 3.9% нь усны чанар сайжирсан байна.

      Сүүлийн 26 жилд Монгол орны ихэнх нутгаар ургамлын бүтээмж, биомасс ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай хэдий боловч, нийт газар нутгийн 22.3 хувьд буурах хандлага ажиглагдаж байна. Энэ бүсэд Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булган, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс, Өмнөговь, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим нутаг дэвсгэр хамаарч байна.

      Монгол орны газарзүй, уур амьсгал, байгалийн болон ургамалжлын бүс, бүслүүрийн онцлогийг харгалзан үзэж, хөрс салхи болон усаар элэгдэх үйл явц, байгалийн болон хүний хүчин зүйлийн хам нөлөөн доор бүрэлдэн бий болох ургамлын бүтээмжийн өөрчлөлтийг гол шалгуур үзүүлэлтээр сонгож, цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээг хийв. Дүн шинжилгээг 2000-2015 суурь үетэй харьцангуйгаар дараагийн 2016-2025 үе буюу өнөөгийн үе хэрхэн өөрчлөгдөж ΔX=X_(2016-2025)-X_(2000-2015) байгаа талаарх үнэлгээг хийж, цөлжилт, газрын доройтлын түвшнийг “Нэн хүчтэй”, “Хүчтэй”, “Дунд”, “Сул”, “Илрээгүй/өөрчлөлтгүй” гэсэн 5 зэрэглэлээр ангилан, зурагласан болно.

      Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус байна.

      Цаг уур, орчны шинжилгээний газар

      Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

      Онцлох мэдээ