Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ

2025-03-13

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ

ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛ, УСНЫ АЮУЛЫГ ЦАГ ТУХАЙД НЬ УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЭХ ТАЛААР УЛС ОРНУУДЫН ХООРОНДЫН ӨНӨӨГИЙН ЗААГ ЯЛГААГ ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПРОФ. СЕЛЕСТЫ САУЛО

(2025 оны 3 дугаар сарын 23, Женев)

 Дэлхийн цаг уурын байгууллагын хүндэт гишүүд, түншүүд, эрхэм нөхдөө

Та бүхэнд Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе. Цаг агаар, уур амьсгал, усны асуудлаарх НҮБ-ийн тогтолцооны мэдээллийн хамгийн нэр хүндтэй байгууллага-Дэлхийн цаг уурын байгууллагын 75 жилийн ойг тохиолдуулан та бүхэнтэй мэндчилж байна.

Өнгөрсөн энэ 75 жилийн хугацаанд хүний амь насыг авран хамгаалах, нийгэмд үйлчлэх, манай гараг дэлхийг хамгаалахад ДЦУБ, түүний гишүүн улсуудын гүйцэтгэж ирсэн түүхэн үүргийг онцгойлон тэмдэглэж байна.

Үндэсний цаг уур, усны албадын нийт ажилтнууд хүн амын аюулгүй байдал, сайн сайхны төлөө эмч, эмнэлгийн сувилагч, асрагч нарын адилаар долоо хоногийн 7 өдөрт 24 цагаар тасралтгүй ажиллаж ирсэн билээ. Энэ ажилд зүтгэж ирсэн хүн бүрт би баяр хүргэж байна.

Бид зөвхөн урьдчилан мэдээлэгч-синоптик төдий биш ээ. ДЦУБ-ын хамт олны гаргаж нийгэмд хүргэж байгаа шинжлэх ухааны өгөгдөл, мэдээлэл, үйлчилгээ маань хүний өдөр тутмын ая тухыг хангаад зогсохгүй хөдөө аж ахуйн таримлыг хэзээ тарих, хэзээ хураахаас эхлээд дэд бүтцэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэх хүртэл нийгмийн бүхий л үйл ажиллагаанд ашиглагддаг билээ. Өнгөрч байгаа 75 жилийн дотор бид дэлхийн эдийн засагт тэрбум тэрбумээр хэмжигдэх нэмэгдсэн өртгийг буй болгосон билээ. Түүнчлэн бид цаг уур, уур амьсгал, устай холбогдсон аюултай үзэгдлүүдээс учирч болох тэрбум тэрбумээр хэмжигдэх долларын алдагдлыг хэмнэж өгсний дээр хамгийн чухал нь хэдэн зуун мянган хүний амь насыг авран хамгаалсан юм.

Бид энэ дэлхийг илүү аюулгүй, амьдрахад илүү таатай, цэцэглэн хөгжсөн дэлхий болгохын төлөө ажиллаж байна. Цаг агаартай холбогдох өгөгдөл, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхий даяар ямар нэгэн хязгаарлалтгүй, чөлөөтэй солилцох нь улс үндэстний аюулгүй байдал хийгээд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг салбаруудын үйл ажиллагаанд шийдвэрлэх чухал ач холбогдолтой байдаг билээ. Энд юуны өмнө хөдөө аж ахуй, иргэний нисэх, далайн тээвэр, эрчим хүч, усны аж ахуйн болон эрүүлийг хамгаалахын салбарыг онцлон дурдах хэрэгтэй.

ДЦУБ бол цаг агаарыг урьдчилан мэдээлэх дэлхийн хэмжээний тогтолцооны төв мэдрэлийн системийн суурь нь юм. Даян дэлхийн ажиглалт-хэмжилтийн бүх өртөөдийн өгөгдөл мэдээлэл цаг агаарыг урьдчилан тооцоолох төвүүдэд өдөр бүр, цаг минут бүрт тасралтгүй ирж байдаг бөгөөд энд хуурай газар, далай дээрх байнгын хэмжилтийн цаг уурын болон радиотандуурын өртөөд, задгай тэнгист байрлуулсан хөдөлгөөнгүй болон хөвдөг цамхаг, далайн хөлөг онгоцон дээр хийсэн ажиглалт-хэмжилтийн мэдээлэл, дэлхийн хиймэл дагуулаас авч байгаа төрөл бүрийн мэдээлэл, нисэх онгоцны аялалын замын дагуу хийсэн хэмжилтийн мэдээлэл зэрэг сая саяаар тоологдох асар их мэдээлэл урсаж байдаг юм. Энэ нь ДЦУБ-ын нэгдсэн зохицуулалтгүйгээр улс орнууд дан дангаараа дэлхий даяар урсаж буй энэхүү асар их өгөгдөл-мэдээллийг цуглуулан авч ашиглах боломжгүй юм. Олон улсын харилцаа төвөгтэй, тайван бус байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудал бүр ч чухал болж байна.

Сүүлийн арван жилд манай дэлхий цаг уурын ажиглалт-хэмжилт хийсэн түүхэндээ хамгийн халуун үеийг өнгөрөөлөө. Өнгөрсөн 2024 он бол дэлхийн дундаж агаарын температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулбал 1,5-аар нэмэгдсэн эхний ганц жил байлаа. Харамсалтай нь энэ сүүлчийн халуун жил ч биш байх. Энэ бол ердийн нэг статистик биш. Дэлхийн дулаарал градусын хувиар ч гэсэн нэмэгдэх нь манай гараг дээрх хэвийн амьдралд сөрөг үр дагавар учруулна.

Цаг агаар, уур амьсгалын сөрөг нөлөөлөл хугацаа өнгөрөх тутам улам нэмэгдэж байна. Халууны долгионоос эхлээд сүйрэлт үр дагавартай салхи шуурга, үер ус, далайн хар салхины давтагдал хийгээд эрчим жилээс жилд улам бүр нэмэгдэж байгааг бид харж байна. 1970-2021 оны хооронд гэхэд цаг агаар, уур амьсгал, усны аюулаас үүдсэн эдийн засгийн хохирол дэлхий дахины хэмжээгээр 4,3 их наяад ам доллар болж, улмаар 2 сая хүний амь нас хохирсон гэсэн тооцоо байдаг билээ. Гэхдээ энэ хугацаанд эдийн засгийн хохирол нь хугацаа өнгөрөх тутам нэмэгдээд байхад хүний амь нас хохирсон тохиолдол нь буурах хандлагатай байгаа юм. Энгийнээр хэлбэл бид хүний амь насыг өмнөхөөсөө илүү найдвартай хамгаалж чадаж байна. Бидний гол зорилт бол аюул гамшгаас эрт сэрэмжлүүлэх замаар бүгдийг хаа сайгүй, цаг алдалгүй хамгаалах явдал юм. Чухам ийм учраас л дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Цаг агаар, уур амьсгал, усны аюулыг цаг тухайд нь урьдчилан сэрэмжлүүлэх талаар улс орнуудын хоорондын ялгааг хамтдаа даван туулъя” гэсэн сэдвийн дор тэмдэглэхээр сонгон авсан юм.

Эртнээс сэрмжлүүлэх тогтолцоог нэвтрүүлэх их ажлын замын хагаст (энэ хөтөлбөр 2027 онд дуусна) ирчихээд байгаа авч бид өнөөдөр хүрсэн амжилтаа бахархан тэмдэглэж болохоор байна. 2024 оны байдлаар олон тооны аюултай үзэгдлүүдээс эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зохих чадавхийг бүрдүүлснээ дэлхийн 108 улс бидэнд мэдэгдээд байна. Ийм чадавхийг 2015 онд 52 орон  хангаад байсантай харьцуулбал энэ нь 2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид илүү цааш нь, илүү хурдан урагшлах хэрэгтэй байна.

Бид

  • Технологи ашиглалтын хэмжээг улам улам өргөжүүлэхээр инновацийг хамтаараа нэвтрүүлэх,
  • Улс орнуудын хамтын ажиллагааг улам нягтруулах,
  • Шинэ шинэ нөөцийг дайчлах, хамтаараа ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх

арга хэмжээг авах хэрэгтэй байна.

            Хүн бүрийг урьдчиланг сэрэмжлүүлэх явдал бол зөвхөн санаачлага бус, энэ бол бренд юм. Энэ бол бидний их санаа агуулсан (амбицтай) зорилт бөгөөд бид үүндээ хүрнэ гэдэгтээ итгэлтэй байна. Одоо бид зорилтот анхны 30 орноо дэмжин ажиллах явдлаа улам өргөжүүлэх болно.

            Бид тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нөөц хүчийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр болон олон талын түншлэл, хөгжлийн банкуудтай болон дэлхийн уур амьсгалын сантай харилцааг улам өргөжүүлэх болно. Урт хугацааны эерэг нөлөөлөл, үйлчлэлийг сайжруулах зорилгоор бүс нутгийн чадавхийг бэхжүүлэхийг хичээх болно. Бид улс орон бүрийн хариуцлагыг дэмжин ажиллах болно. Бид улс орнуудын прогнозчлолын үр ашгийг улам дээшлүүлэхийг хичээх болно. Техникийн дэвшил, хиймэл оюун ухаан цаг агаарын прогнозын салбарт хувьсгал хийхэд томоохон дэмжлэг болно. Гэхдээ бид тоглоомын дүрмийг аль болохоор нийтлэг маягаар явуулж хэнийг ч ардаа үлдээхгүйг хичээх болно. Бид ажиглалт-хэмжилтийн салбарт ажиглагдаж буй доголдлыг нөхөх ёстой.

Цаг нь боллоо.  Бид хамтаара хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ шинэ инновац нэвтрүүлэх замаар хүн бүрийг эрт сэрэмжлүүлэх талаар гаргасан амлалтаа хэрэгжүүлж чадах болно. Энэ бол бидний ёс суртахууны үүргээс гадна бас эдийн засгийн чухал ач холбогдолтой амлалт шүү дээ. Урьдаас сэрэмжлүүлэх үйл хэрэгт оруулсан 1 ам доллар бүр эргээд нийгэмд 9 ам долларын үр ашиг өгдөг тооцоолол байдаг. Зарим бүс нутагт үүнээс ч илүү өндөр ашиг өгдөг гэдэг. Чухам иймээс БИ дэлхийн улс орнуудын засгийн газарт үндэснийхээ цаг уур, усны албадад оруулдаг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг энэ ялдамд уриалж байна. Чухам энэ чинь үндэсний болоод олон улсын эдийн засгийн хөгжилд тулгуур ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн хэлье.

Эцэст нь:

Дэлхийн цаг уурын байгууллага сүүлийн 75 жилд шинжлэх ухааныг энэ дэлхийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа болгож чадсан байна. Дэлхийн цаг уурын энэ өдөр илүү аюулгүй, илүү тогтвортой дэлхийг буй болгоын төлөө бидний амлалтыг улам баталгаажуулыг уриалж байна. Бид үүнийг үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийх үүрэгтэй юм шүү.

Та бүхэнд баярлалаа.

Мэдээлэл
  • ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ 2025-03-13

  • Ой, хээрийн түймрийн тойм 2025-03-12

  • ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2025-02-24

  • "PostCOP АХЛАХ АЛБАН ХААГЧДЫН ТҮВШНИЙ БЭЛТГЭЛ ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025-01-31

  • Уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилсан мэдээг боловсруулах Суперкомпьютер худалдан авах гэрээ байгууллаа 2024-12-30

  • “БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” УРИАН ДООР ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16-Р ХУРАЛ (UNCCD COP16) ЭХЭЛЛЭЭ 2024-12-03

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ОЛОН ТАЛТ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ПАВИЛЬОНТОЙ ОРОЛЦОЖ УЛСАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2024-12-03

  • БОУАӨЯ-ний сайд С.Одонтуяа Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон шилжилт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ 2024-11-29

  • ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ 2024-11-29

  • COP29 Azerbaijan: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна 2024-11-28

  • 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Хөтөлбөр 2024-03-21