Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

2025-02-24

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 

(2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэв.)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглал, үнэлгээг гаргаж байна. Уг үнэлгээг өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан гаргадаг.

Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.

Хээрийн цасны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Зудын эрсдэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.

Зудын эрсдэлийн зураг (2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэв.)

2025 оны 2 дугаар сарын урьдчилсан мэдээгээр сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд ОЖД–ийн орчим болон дунджаас бага 

зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй болон хүндэрсэн бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МАЛД НӨЛӨӨЛӨХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглал, үнэлгээг гаргаж байна. Зудын эрсдэлийн үнэлгээг ашиглан нийт малын зудын эрсдэлд өртөх байдлын урьдчилсан төлөвийг анх удаа боловсруулан гаргав.

Зудын эрсдэлийн малд нөлөөлөх урьдчилсан төлөв

Тайлбар: Зудын нөлөөллийн урьдчилсан төлөв - Зудын эрсдэлийн бүтээгдэхүүнийг суурь болгон тухайн малын тоо толгойн газарзүйн байрлал, нягтшилаар өртөх хувийг тооцон, эрсдэлийн үнэлгээний матрицын дагуу нөлөөллийг тодорхойлон зудын эрсдэл малд нөлөөлөх урьдчилсан төлөвийг боловсруулсан болно. Энэхүү үнэлгээг өртөх байдлаар нь “маш их”, “их”, “дунд” болон “бага” гэсэн 4 ангиллаар урьдчилан мэдээлж, сэрэмжлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Зудын эрсдэлийн малд нөлөөлөх урьдчилсан төлөвийг багийн түвшинд тооцон үзэхэд Монгол орны нийт малын тоо толгойн 24 хувь нь “маш их”, 47 хувь нь “их”, 17 хувь нь “дунд”, 13 хувь нь “бага” өртөх гэсэн ангилалд байна. Харин бүсээр авч үзвэл баруун аймгуудын хувьд 37 хувь, төвийн аймгуудын хувьд 23 хувь, говийн аймгууд хувьд 5 хувь, зүүн аймгуудын хувьд 7 хувь нь “маш их” өртөх ангилалд байна.

Урьдчилсан төлөвөөр малын өртөх байдал “маш их” ангилалд багтаж буй аймаг, сум, багуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ, төлөвлөлтийг оновчтой хийж, ажиллахыг зөвлөж байна.

       Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, 2025-02-10-ны өдөр

Мэдээлэл
  • ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨР БА ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАРГАСАН ИЛГЭЭЛТ 2025-03-13

  • Ой, хээрийн түймрийн тойм 2025-03-12

  • ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2025-02-24

  • "PostCOP АХЛАХ АЛБАН ХААГЧДЫН ТҮВШНИЙ БЭЛТГЭЛ ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025-01-31

  • Уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилсан мэдээг боловсруулах Суперкомпьютер худалдан авах гэрээ байгууллаа 2024-12-30

  • “БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” УРИАН ДООР ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16-Р ХУРАЛ (UNCCD COP16) ЭХЭЛЛЭЭ 2024-12-03

  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ОЛОН ТАЛТ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ПАВИЛЬОНТОЙ ОРОЛЦОЖ УЛСАА СУРТАЛЧИЛЖ БАЙНА 2024-12-03

  • БОУАӨЯ-ний сайд С.Одонтуяа Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон шилжилт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ 2024-11-29

  • ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 16 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ, ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛНЭ 2024-11-29

  • COP29 Azerbaijan: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна 2024-11-28

  • 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Хөтөлбөр 2024-03-21