logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай орны 10 дугаар сарын агаарын дундаж температур олон жилийн дунжаар (1981-2010 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3°С - аас -6.6°С (26.6°F-аас 20.1°F), говь-цөлийн бүс нутгаар 3°С -аас 9.2°С (37.4°F-аас 48.6°F) бусад нутгаар -2.5°С -аас 3°С (27.5°F-аас 37.4°F)  байдаг байна.

Монгол орны хэмжээнд 10 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 3.4 хувь нь ордог. ОЖД-аар тус сард Хэнтий нуруу, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсэг, Увсын Малчин, Архангайн Цэцэрлэг, Дорнодын Халхгол орчмоор 15 мм-ээс 18 мм, Баян-өлгий, Их нууруудын хотгор, Говь-алтай, Баянхонгорын урд хэсэг, Дундговь болон Дорноговь, Өмнөговийн ихэнхи нутгаар 0.8-аас 4.5 мм, бусад нутгаар 5-12 мм тунадас унадаг.  

 

 

 

Зураг 1. 1981-2010 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны  газарзүйн тархалт

2021 оны 10 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 1.4°С-аар, ОЖД-аас 0.5°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 28 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын дундаж агаарын температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд (Зураг 2) ихэнхи нутгаар (80.6% нь) дунджийн орчим, Баян-өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь-алтайн Бугат, Увсын Малчин, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сум орчмоор 1.0–ээс 2.0°С–аар хүйтэн, харин нийт нутгийн 10.9% нь дунджаас 1.0–ээс 1.9°С–аар дулаан байжээ. 

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 6.1 мм тунадас орсон нь өмнөх жилээс 2.7%-иар, ОЖД-аас 1.9%-иар бага ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 44 дэхь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл (Зураг 2) нийт нутгийн 60.5 % нь дундаас бага, 31.0% нь ахиу, 8.5% нь ОЖД-ийн орчим тунадас унасан байна.  

   

 

 

Зураг 2. 2021 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Монгол орноор дунджилсан 10 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг авч үзэхэд (Зураг 3) 1, 2 дугаар 10 хоногт бүх нутгаар ОЖД-аас -0.1-ээс -7.5°С хүйтэн, 3 дугаар 10 хоногт бүх нутгаар ОЖД-аас +0.4-аас +7.2°С дулаан байжээ. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар 1 дүгээр 10 хоногоос бусад хугацаанд бараг тунадас ороогүй байна. 


Зураг 3. Хоногийн агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Энэ сард агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Замын-Үүдэд 26.3°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Ренчинлхүмбэд -18.4°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 44°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Ренчинлхүмбэд -21°С хүрч хүйтэрсэн. Хоногт хамгийн ихдээ Увсын Тэсэд 7-ны өдөр 26.9 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатарт 949.4гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 764.0гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Ховдын Мөстөд 31м/с хүрчээ.

                                                                                                                          

 

 

 

 

 

Зураг 4. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968