Дэлхийн цаг уурын өдөр
2020 оны 3 дугаар сарын 23
”Ус ба уур амьсгал”
Дэлхийн Цаг уурын байгууллага нь 1961 оноос хойш “Дэлхийн цаг уурын өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр тодорхой нэг сэдвийн хүрээнд тэмдэглэдэг.
2020 оны сэдэв нь “Ус ба уур амьсгал” юм.
Ус чандмань эрдэнэ. Хүн усгүйгээр 3 хоног л амьдарч чадна. Бидний хүрээлэн буй орчин, хоол хүнс, бараа үйлчилгээнд ус онцгой байр суурийг эзэлдэг. Дэлхийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цэвэр усны гачигдал, уснаас улбаатай дарамт, үер, гангийн асуудлуудтай тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдэхэд усны мониторинг, урьдчилан мэдээлэх систем, менежментийг цаг алдалгүй сайжруулж, усны хэт их хэрэглээ, гачигдал болон усны бохирдлын асуудлыг шийдэх хэрэгтэй.
Бид ажиглалт, хэмжилт хийгээгүй зүйлд менежмент хийж чаддаггүй. Тиймээс усны ажиглалт, хэмжилт хийх, мэдээ цуглуулах, тэдгээрийг харилцан солилцох нь усны мониторинг, урьдчилан мэдээлэх болон эртнээс сэрэмжлүүлэх системийн үндэс, суурь болдог. Тухайлбал усны зохистой хэрэглээг гадаргын болон гүний усны мониторингийн мэдээгүйгээр бий болгож чадахгүй юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхийн эх газрын ¼-ийг эзэлдэг өндөр уулын бүсэд харьцангуй их байна. Энэ бүс нутаг хүн төрөлхтөний цэвэр ус бүрэлдэх дэлхийн цамхаг (гуравдагч туйл ч гэж нэрлэдэг) оршин байдаг бөгөөд тэнд ойролцоогоор 1.1 тэрбум хүн амьдарч байна. Энэ бүс нутагт өөрчлөлтөд хамгийн их өртөж буй уур амьсгалын системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг бол криосфер (хөлдсөн ус) юм. Мөнх цас, мөсөн уул хайлах, огших, цэвдэг доройтох нь богино хугацаандаа газрын гулсалт, цасан нуранги, үерийн гамшгийг дагуулж, урт хугацаандаа ойролцоогоор тэрбум хүний усан хамгамж, аюулгүй байдалд эрсдлийг авчирч байна.
Уур амьсгалын байгалийн циклд харьцангуйгаар урт хугацаагаар үргэлжлэх хуурай үеийг ган гэх ба харин хур бороо, чийгтэй үед нь үерийн гамшиг тохиолддог. Эдгээр гамшигт үзэгдэл үхэл, ядуурлыг авчирч, зохисгүй газар ашиглалтыг бий болгодог. Тухайлбал гангийн улмаас 1900 оноос хойш 11 тэрбум хүн нас барж, 2 тэрбум хүн нэрвэгдсэн байна. Харин 1970-2012 оны хооронд хар шуурга, үерийн улмаас 1 сая хүн нас баржээ. Иймд ган, үерийн мониторинг, эртнээс сэрэмжлүүлэх систем, эмзэг болон өртөмхий байдал, нөлөөллийн үнэлгээ, сааруулах болон хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа хамгийн чухал билээ.
Хүн төрөлхтөний усны хэрэглэгээ 1980 оноос хойш жил тутам 1%-иар нэмэгдэж ирлээ. Цаашид 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.7 тэрбум болох төлөвтэй. Үүнээс улбаалан усны хэрэглээ мөн үед 20-30%-иар өсөж, ойролцоогоор 4 тэрбум хүн усны гачигдалд жилийн аль нэг сард орохоор төлөвтэй байна. Иймээс дэлхийн олон орны үндэсний ус, цаг уурын алба цаг уур, цаг агаар, уур амьсгал, гидрологи, усны үйлчилгээг нэгдсэн байдлаар явуулж, үнэн зөв, цогц мэдээ, мэдээллийг гаргаж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг хангаж, үйл ажиллагаагаа явуулахад суурь болон ажиллах ёстой.
Үндэсний ус, цаг уурын алба нь цаашид үер, ган тохиолдоход бэлтгэлтэй байх, үндэсний аюулгүй байдлыг хангахад уур амьсгал-ус, цаг уурын мэдээгээр үйлчлэх, шинжлэх ухаан, судалгааны ажлыг өндөр чанартай хийх, шинжлэх ухаанд суурилсан гидрологийн шуурхай үйл ажиллагаа явуулах, тогтвортой хөгжилд усны байгаль дахь эргэцийн мэдээ, мэдээллийг ашиглах, усны чанар зэрэгт анхаарал хандуулан ажиллана.