logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ном товхимол, гарын авлага

Монгол орны гадаргын усны горим, нөөц

Монгол орны гол мөрөн, нуур, мөстөл, мөсөн голын усны нөөц, чанар, горим нь газарзүй, геологи, уур амьсгалын хүчин зүйлсээс хамааран маш өвөрмөц зүй тогтолтой билээ. Монголчууд эх орныхоо гадаргын усны нөөц, горим, зүй тогтлыг танин мэдэж, усыг зохистой хүртэн ашиглах, ашид хамгаалах, хойч үедээ уламжлан үлдээх талаар дэлхийн эртний соёлт орны нэгэн адил баялаг уламжлалтай.

     Энэхүү нэгэн сэдэвт зохиол бол Монгол орны гадаргын ус, үүний дотор хур цас, мөсөн голын ангилал, масс баланс, нуурын усны баланс, эрдэсжил, гол мөрнийсүлжээний эрэмбэлэг тогтолцоо,бүтэц, тодорхойлолт, усны горим, урсац бүрдэх хийгээд өөрчлөгдөх зүй тогтол, тэдгээрт үзүүлэх хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон ус судлалын олон жилийн мэдээ сэлтийг гадаргын усны нөөцийг ашиглах, хамгаалах практик хэрэгцээнд зориулан нэгтгэн дүгнэсэн бүтээл болно.

     Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний ус судлалын 16 өртөө, 160 орчим харуулын 70 гаруй жилийн ажиглалтын мэдээ, дэлгэрэнгүй масштабын топозургийн ГМС-ийн тоон мэдээ, сансрын хиймэл дагуулын олон жилийн мэдээ, усны горимын өнгөрсөн түүхэн мэдээг сэргээх модны цагиргийн мэдээ, гол мөрний урсац, хур цас, мөсөн гол, нуурын усны математик загварын болон хайгуул судалгаа, хэмжилтийн үр дүн, түүнчлэн бусад хүрээлэн, судалгааны байгууллага, Монгол орондсудалгаа хийсэн гадаадын хайгуул шинжилгээ, төсөл, хөтөлбөр, зураг төслийн байгууллагуудын зарим шинжилгээ, судалгааны материалд тулгуурлан энэ номыг бүтээснээрээ өмнөх бүтээлүүдийн үр дүнг нарийвчлан баяжуулж, шинэ үр дүн, мэдлэг, мэдээлэл бүрдсэн юм.

     Энэ ном 12 бүлгээс бүрдэх бөгөөд түүнд гадаргын усны урсац бүрдэх зүй тогтол, усны горимын үелэл, баланс, урсацын норм, шар усны болон хур борооны үер тэдгээрийг тооцох аргачлал, усны химийн найрлага, усны дулааны болон мөсний горим, рашаан, нуур, мөстөл, мөсөн гол зэргийн орон зай, цаг хугацааны өөрчлөлтийг газарзүйн бүс бүслүүртэй уялдуулан тодорхойлж оруулсан болно.

Бүлгийн гарчиг харах

     Усны нөөцийг зохистойашиглах, хамгаалахад Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх онолын үндэслэл, арга, аргачлал, үзүүлэлтүүдийг аль болохоор түлхүү оруулж, олонх үзүүлэлтийг Монгол орны нутаг дэвсгэрийн  уур амьсгал, газарзүйн нөхцөлд тохируулан зураг, хүснэгтээр илэрхийлсэн нь ашиглахад хялбар болов.

     Энэ бүтээл бол Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны ус судлал,уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, орчинзүй зэрэг чиглэлээр гаргаж байгаа нэгэн сэдэвт цуврал бүтээлийн нэг болно.

     Энэ бүтээл бол тус хүрээлэнгийн Ус судлалын секторын хамт олны бүтээл бөгөөд бүлгүүдийг док. Г.Даваа, док.Д.Оюунбаатар, док.Г.Адъяабадам, док.Ч.Жавзан нар нэгтгэн дүн шинжилгээ хийж, бичиж боловсруулан, Г.Даваа хянан тохиолдуулж, хэвлэлийн эхийг Р.Цагаанмаамаа. Г.Оюунхүү нар бэлтгэв.  

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал