logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

Монгол орны бэлчээрийн үндэсний мониторингийг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээн дээр нийтдээ 1500 гаруй цэгт жил бүр хийж байгаа бөгөөд “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан”-г хоёр удаа (2015, 2018) гаргаад байна.

                Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ) нь Ногоон алт төсөлтэй олон жил хамтран ажилласны үр дүнд Монгол орны бэлчээрийн мониторинг, судалгаанд хэд хэдэн шинэ аргазүйг боловсруулж, зүгшрүүлж, нэвтрүүлсэн юм. Үүнд: Шугам-цэгийн арга (ургамлын голлох зүйл, олон наст ургамал хоорондын зай), Экологийн чадавхийн бүлгүүд /25 бүлэг/, Экологийн чадавхи дээр суурилсан төлөв байдлын өөрчлөлтийн загварууд /25 загвар/, Лавлагаа мэдээлэл (тухайн бэлчээрийн ургамлын соргог, унаган бүлгэмдэл), Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал, Бэлчээрийн доройтлын зэрэглэл Бэлчээрийн төлөв байдлын зураг, тайлан гаргах эдгээр болно.

 

Бэлчээрийн төлөв байдлын 2016 оны мэдээг боловсруулж гаргасан тайлангаас (2018) үзвэл мониторингийн цэгээр төлөөлүүлсэн нийт бэлчээрийн 57 хувьд нь ургамлын зүйлийн бүрэлдэхүүн нь лавлагаа түвшнээсээ өөрчлөгдөж доройтсон  байна. (Зураг 1)

                Зургаас үзэхэд нутгийн төв болон зүүн, зүүн өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын бүлгэмдэл унаган буюу соргог төлөв байдлаасаа илүү ихээр өөрчлөгдсөн байна. Үүнд байгалийн буюу уур амьсгалын хүчин зүйлээс гадна малын хэт төвлөрөл зэрэг хүний хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэж байна.

Зураг 1. Бэлчээрийн төлөв байдал, 2016

Бэлчээрийн доройтол манай орны нөхцөлд малын тэжээлийн өндөр ач холбогдолтой зүйл ургамлын тоо аажмаар буурч, ашиглалтанд тэсвэртэй ургамлуудаар солигдох зүйлийн бүрэлдэхүүний шилжилтээр илэрдэг.

                2016 оны байдлаар мониторингийн нийт цэгийн 42.4 хувьд бэлчээр доройтоогүй, 13.5 хувь бага зэрэг доройтсон, 21.1 хувь дунд зэрэг доройтсон, 12.8 хувь нь их доройтсон, харин 10.3 хувь нь хүчтэй доройтсон буюу бэлчээрийн чанараа алдсан гэсэн дүнтэй байна. (Зураг 2). Үүнийг өмнөх тайлантай (2014) харьцуулбал, их болон хүчтэй доройтсон гэж үнэлэгдсэн цэгийн тоо харгалзан 5.9 ба 4.3 хувиар тус тус өссөн ажээ.

Зураг 2. Бэлчээрийн доройтол, 2016

Бэлчээрийн доройтлын зургаас үзэхэд Төв, Сэлэнгийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун, Булган, Архангай, Хэнтий зарим нутагт бэлчээрийн доройтол илүү байна. (Зураг 2).

                Бэлчээрийн доройтлын зэрэглэл нь тухайн бэлчээрийн одоогийн төлвийг харуулдаг бол бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал нь бэлчээрийг өнжөөх сэлгэх, сайжруулах гэх мэт ажил төлөвлөх, зардал тооцох зэрэг менежмент хийхдээ авч ашиглах зөвлөмжийг агуулж байдаг. Жишээ нь, сэргэх чадавхийн II ангилалд байгаа бэлчээр нь ургамлын ургалтын хугацаанд зөв менежмент хийвэл 3-5 жилд эргэн сэргэх боломжтой гэсэн үг юм.

 

Бэлчээрийн сэргэх чадавхийн ангиллын хувьд 2016 оны дүн мэдээгээр нийт бэлчээр нутгийн:

  • 43%I түвшинд (13 жил)
  • 29%II түвшинд (35 жил)
  • 16%III түвшинд (510 жил)
  • 12%IV түвшинд (>10 жил) хамаарч байна. (Зураг 3).

Сэргэх чадавхийн Y түвшинд буюу хөрс, ургамал маш их доройтсон, нөхөн сэргэх боломжгүй, экосистемийн үйлчилгээ алдагдсан гэж үнэлэгдсэн цэг ус цаг уурын улсын сүлжээнд тэмдэглэгдээгүй ч ийм нөхцөл байдалтай хэсэг хэсэг газар хаа сайгүй тохиолдсоор байна.

                Ийнхүү бэлчээрийн газар доройтож, бэлчээрийн чанараа алдаж улмаар цэгэн цөлжилтийг үүсгэж, энэ нь цаашдаа тэлсээр цөлжилтийн хүрээг тэлэх аюултай юм. Иймээс арайхан цаг алдаагүй дээр нь бэлчээрийн менежментийг зөв хийж, бэлчээр нутгаа эргэн сэргээж, даруйхан бариж авахгүй бол нэг талаас Монгол орны эдийн засаг, нийгмийн хүчин зүйл, нөгөө талаас түүх соёл, уламжлал, ёс зүйг агуулсан, ард иргэдийн амьдралын эх үүсвэр, оршин байх үндсэн нөхцөл болсон бэлчээрийн доройтол улам ихсэх төлөвтэй байна.

Мөн түүнчлэн бэлчээрийг сэргээн сайжруулах, төлөвлөх, хөрөнгө хүч зарах зэрэг менежментийн ажлыг зөв зохион байгуулахад бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдлыг үнэн зөв үнэлж, дүгнэсэн байх шаардлагатай тул Ус цаг уурын албанд жил бүрийн 8 дугаар сарын дунд арав хоногт орон даяар нэгэн зэрэг нийт 1500 гаруй цэгт бэлчээрийн үндэсний мониторинг судалгааг хийж байгаа юм.

Зураг 3. Бэлчээрийн сэргэх чадавхийн байдал, 2016

 

 

 

 

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

 

 

 

 

2018-11-16

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал