logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015

         “Шинжлэх ухаан–инноваци-үйлдвэрлэл-2015” үзэсгэлэн, худалдааг Монгол улсын Уран зургийн галерейд 2015 оны 11 дүгээр сарын 26-27-ны  өдрүүдэд  Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан  БСШУЯ, ШУТС, ШУА-аас амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

          Тус үзэсгэлэн нь шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилго тавьжээ. 

            Дээрх үзэсгэлэнд манай орны эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл 50 гаруй байгууллагууд оролцов. 

            Үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнүүдийг нийтэд дэлгэж танилцуулан сурталчлав.

          Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур , биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигдлаа.

         Тус үзэсгэлэнд манай хүрээлэн өөрийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ханан үзүүлэн байдлаар дэлгэн сурталчилсны зэрэгцээ эрдэм шинжилгээний бүтээлүүд, атлас, ном товхимлуудыг танилцуулж оролцов.

          Өнөө жилийн үзэсгэлэнгийн гол онцлог нь “Шинжлэх ухаан технологи инновацийн  экосистем” олон улсын анхдугаар чуулгантай хамт зохион байгуулагдаж  олон улсын байгууллагуудын төлөөлөл ирж манай орны шинжлэх ухаан, технологийн байгууллагуудын бүтээлүүдтэй танилцлаа.

          Энэ оны шилдэг бүтээлээр Соёл урлагийн их сургуулийн  “Гурав тав долоон чавхдаст хөгжим”, хоёрдугаар байранд Шинэ Анагаах Ухааны сургуулийн “DiaBETES”, гуравдугаар байранд Зөв Монгол хүүхэд ТББ-ын “Цахим математик” программ,  дөрөвдүгээр байранд Химийн хүрээлэнгийн “Хатуу туслах материал” тус тус шалгарав.

 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал