logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

“Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ” чуулган

       “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” чуулганыг 2015 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Төрийн ордонд БСШУ-ны яам, түүний харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж, дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцлоо.

         Тус чуулганд ирүүлсэн мэндчилгээндээ: Монгол улсын Ерөнхийлөгч “Хөгжингүй орнууд шинжлэх ухаан, технологийн 6 дахь үедээ хөгжиж байна. Иймд бид үүн рүү нэгдэж, амдаж хөгжих шаардлагатай байна” гэдгийг цохон тэмдэглэв.

          БСШУ-ны сайд Л.Гантөмөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “Мэдлэг бол технологи. Манай улсын хүн амын 70% нь залуучууд, 3 сая хүний 1 сая нь суралцаж байгаа оюуны өндөр потенциалтай ард түмэн. 12000 гаруй цөм технологи байна. Технологиор Ази тивд Япон улс, Америк тивд АНУ, Европ тивд Франц улс тэргүүлж байна. Мэдлэгийг бүтээх, дамжуулах, чадавхийг бүрдүүлэх, шинжлэх ухаан үнэнийг нотлох уу? асуудлыг шийдвэрлэх үү? гэдэг тулгамдаж байна. Мэдлэгт суурилсан нийгэм байгуулах, залуу үеийг мэдлэгжүүлэх, чадавхижуулах шаардлагатай. Уламжлалд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх нь чухал, мөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нобелийн шагналтныг Монголоос төрүүлэхийн төлөө ажиллая” зэргийг онцлон хэлэв.

          БСШУЯ-ны Өндөр технологи, инновацийн газрын дарга Л.Лувсанжамц илтгэлдээ: “Монгол улс бага дунд орлоготой орон ба голлох салбар нь уул уурхай. Манай орны ДНБ-ний 97% нь нам технологийн буюу агуулалт багатай, нэмүү өртөг багатай бүтээгдэхүүн зонхилж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох шаардлагатай” гээд ШУТ инновацийн экосистем гэдгийг дэлгэрүүлэн тайлбарлав.

         БСШУ-ны сайд Л.Гантөмөр чуулганыг хааж хэлсэн үгэндээ: “Шинжлэх ухаан хийж байж мөнгө олно, Экосистемд мөнгө хөрөнгө оруулснаар технологи, инноваци бий болно, бойжно. Шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө ямагт эрсдэлгүй байдаг. БНХАУ-ын ДНБ-ний 30 хувийг ШУТ парк бүрдүүлдэг. Байгаа бүтээлээ хүмүүстэй хуваалцахад бэлэн үү? Хийсэн бүтээснээ маш хурдан бусдад зарла, түгээ, хав дарах хэрэггүй, тэгвэл хоцрогдоно, хоцорно. Монгол орон ШУТ-ийн орон болох ёстой. Хэт мэдэмхийрч болохгүй, шинжлэх ухааны дүгнэлтэд тулгуурлаж ярьж сурах шаардлагатай. Боловсрол шинжлэх ухаан 2-ыг давт, шинжлэх ухааныг хий, хий, хий гэсэн уриалга байдаг. Эрдэмтэд нийгэм рүү гараач ээ. Өндөр технологи, мэдлэг мэдээллийн хар хайрцагны бодлогыг хийж өгөөч. Ард түмний хүсэл мөрөөдлийг удирдлага сонсох ёстой. Эрдэмтдийг үүнд чиглүүлэх, ард түмнийг эрдэмтэд мэдэрч ажиллах ёстой. ШУТ парк байгуулна гэхэд одоогоор манай улсад хүний нөөц алга. Мэдээллийн технологийн дүнд дэлхий хавтгай болчихсон. Монгол улсад 2,2 сая хүн интернет ашиглаж, 4,4 сая хүн гар утастай болчихсон тул юмаа хуваалц, нэг нэгийгээ муулахаа боль, эмзэглэхээ боль, 18 настай залуу 80 настай эрдэмтнээс ч дээгүүр ажил хийх боломжтой, “миний” гэдэг өвчнөөсөө сал, нийтэд санаагаа гарга, компаниуд шинжлэх ухааны байгууллага 2 хамтрах хэрэгтэй, нэгнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, мэдлэгийн эдийн засаг чухал” гэдэг зэргийг онцлон тэмдэглэв.

           БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга, доктор Ж.Даваасамбуу хэлсэн үгэндээ: “Жилд 9,2 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Одоогоор 100 гаруй ШУТ төсөл хэрэгжиж 900 сая төгрөг зарцуулагдаж байна. Жилд 25-30 төсөл нэмж хэрэгжүүлдэг. 60 гаруй хамтарсан төсөл хэрэгжиж байна. Жилд 100 гаруй судлаач гадаад оронд мэргэжил дээшлүүлж байна. Монголчууд бид мэдлэг оюунаа дээдэлсэн аугаа ард түмний үр сад билээ. Бид бүтээлээрээ Ази тивийн 46 орноос 19-рт жагсаж байна. Нээлттэй байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээн туурвих эрхтэй байх, тэгш оролцоог хангах гэсэн 4 зарчимд Шинжлэх ухаан тулгуурлаж байна” гэдэг зэргийг тэмдэглэн хэлэв.

        Энэхүү чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах ажээ.

           Манай хүрээлэнгийн 18 албан хаагч энэхүү чуулганд оролцов.

 

 

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал