logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний V чуулган боллоо

    Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд Монголын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V чуулган“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн дор 2015 оны 11  дүгээр сарын 11-нд Төрийн ордонд болж шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын залуу эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид зэрэг 500 гаруй төлөөлөгчид оролцов.

    Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн залуу эрдэмтэн, судлаачдыг төлөөлж УМТ-ийн инженер, доктор Г.Гантуяа, УМТ-ийн инженер Д.Одонтунгалаг, ЗТС-ын хэлтсийн мэргэжилтэн Г.Нандин-Эрдэнэ, ХААЦУ-ын секторын инженер Б.Ганбат, ОСС-ын инженер Д.Төмөрцоож нар оролцлоо.

    Монгол улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын үйл ажиллагааны одоогийн чадавхийг эрчимжүүлэх, төрөөс зохицуулах замаар эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чуулганы зорилго орших ба чуулганы үр дүнд улс эх орныхоо хөгжилд түлхэц болохуйц санаачлага, зөвлөмжүүдийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хамтран ажилласаар ирсэн уламжлалтай.

     Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт ба венчур хөрөнгө оруулалт, Шинжлэх ухаан, технологийн паркийг бий болгоход тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, Залуу судлаач, эрдэмтэн нарт инновацийг хөгжүүлэх, гарааны компани буй болгоход мэдлэг олгох зэрэг асуудлууд хэлэлцэж зөвлөмж гаргав.

   Чуулганы үеэр шинжлэх ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, хуульзүйн орчин, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудал зэрэг олон сэдвээр санал солилцсоны зэрэгцээ сүүлийн үеийн шинэлэг нээлт, бүтээгдэхүүний үзэсгэлэн гарчээ.

Үйлчилгээ

Үйл явдал

Зарлал