Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

      БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 304, Хөдөлмөр цалин хөлсний хорооны мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 143 тоот тогтоолуудыг үндэслэн Ус цаг уурын албаныг удирдах газрын дарга 1966 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тушаал гаргаж Ус цаг уурын шинжилгээний институтыг улс ардын аж ахуйг ус цаг уурын шуурхай мэдээллээр хангах, ус цаг уурын улсын сүлжээг арга зүйн удирдлагаар хангах, шинжлэх ухааны судалгаа явуулах зэрэг үүрэгтэйгээр байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалинг тогтоон баталж, анх зохион байгуулагдахдаа 6 хэлтэс, 72 ажиллагсадтай байв.

        1966-1987 онд Ус цаг уурын шинжилгээний институт, 1988-1990 оны 4 дүгээр сарын 6-ныг хүртэл Ус цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 132 дугаар тогтоолоор 1990 оны 4 дүгээр сарын 6-наас 1997 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэл Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол улсын Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор 1997-2011 онд Ус цаг уурын хүрээлэн, 2011-2015 оны 3-р сарын 10-ныг хүртэл Ус цаг уур орчны хүрээлэн, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор 2015 оны 3 дугаар сарын 10-наас Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

        Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нь ус, цаг уур, байгаль орчны хувьсал өөрчлөлтийн төлөв байдлыг үнэлэх, урьдчилан мэдээлэх, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшиг, орчны бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг шуурхай хангах, Монгол орны нутаг дэвсгэр дээрх уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, гадаргын усны горим, нөөцийн зүй тогтлыг илрүүлэн тогтоох, байгалийн нөөцийг улс орны бүхий л салбарт зүй зохистойгоор ашиглуулах, ус цаг уур, байгаль орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг нэгдсэн технологи, аргазүйгээр хангах, боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах, байгаль, цаг уур, гадаргын ус судлал, байгаль орчны тандан судалгаа, уур амьсгал, орчны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж, үр дүнг нь үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, үнэлгээ өгөх үүрэг бүхий салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний, төрийн үйлчилгээний байгууллага билээ.   

        Хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид, инженер, техникийн ажилтнууд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар, гадаад, дотоодын  шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрүүдийг дангаараа болон хамтран амжилттай хэрэгжүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагийн үр дүнд Монгол улсын ус, цаг уур, байгаль орчны тандан судалгааны хөгжил Дэлхийн хөгжлийн түвшинд хүрч, шуурхай үйлчилгээний ажилд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлсээр байна.

        Манай хүрээлэн нь шуурхай үйлчилгээний болоод эрдэм судлалын ажилдаа секундэд 6.5 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай суперкомпьютер, байгаль, цаг уурын зориулалтын хиймэл дагуулаас мэдээг тасралтгүй хүлээн авах газрын станцууд, ОХУ, БНХАУ-ын Цаг уурын байгууллагууд болон өөрийн орны бүх аймгийн төвүүд, салбарын мэргэжлийн байгууллагуудыг холбосон 700 гаруй хэрэглэгчтэй, 24 цагийн тасралтгүй ажиллагаатай мэдээллийн сүлжээ, байгаль орчны төрөл бүрийн мэдээ, мэдээллийг нэгтгэсэн интернет орчны вебд суурилсан мэдээллийн нэгдсэн санг байгуулан ашигласнаар ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үнэн, бодит, байнгын төрөл бүрийн мэдээ, мэдээллээр Монгол улсын төр засаг, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хэрэглэгчдийг шуурхай хангах зорилгоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.